Манай компани нь өнгөрсөн сард “Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний салбар”-ын зах зээл, хэрэглэгчийн зан төлвийн судалгааг амжилттай хийж, гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг ашигласан бөгөөд судалгааг илүү бүтээлч, илүү нарийвчлах үүднээс шинээр хоёр төрлийн анализ загварыг ашигласан нь үр дүнтэй болсон юм. Судалгааг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр 28 хоногийн хугацаанд төлөвлөлт, мэдээлэл цуглуулалт, боловсруулалт, үр дүн хэмжилт, зөвлөмж боловсруулалт, танилцуулалт гэсэн үе шаттайгаар тус тус хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээс товч дүгнэлт хийхэд: Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэрүүд дутагдаж, үүнээс улбаалан бизнес эрхлэгчид өөрсдийн бүрэн хүчин чадал, боломж бололцоогоороо ажиллаж чадахгүй байгаа нь харагдаж байлаа. Мөн тус салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд зах зээлээ зөв сегментчилэх, зорилтот хэрэглэгчдэдээ тулгуурласан үйл ажиллагаа явуулж чадвал одоо байгаагаасаа илүү олон боломж, бололцоо байгаа нь судалгаагаар харагдаж байсныг нуух юун.
Хэрэглэгчдийн зан төлвийн хувьд бид судалгааны өмнө салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүмүүстэй ярилцлага хийж, судалгаа эхлүүлэхээс өмнө таамаг хандлага дэвшүүлсэн юм. Гэвч бидний дэвшүүлсэн таамаг олон зүйл дээр өөрчлөгдсөн нь судалгаагаар харагдсан бөгөөд хэрэглэгчдийн зан төлөв, сэтгэл ханамжийг байнга судалж байх ёстой гэдгийг батлан харууллаа. Бид судалгааны зарим нэг сонирхолтой үр дүнг сонирхолтой нийтлэл болгон Marketing Today сэтгүүлд хэвлэн гаргах болно.
Судалгаа бизнест тань шинэ эрч хүчийг өгнө…